Rentu

Дэлгүүр эзэмшигчийн гэрээ

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11 сар

Энэхүү гэрээгээр rentu.mn платформ дээр дэлгүүр нээж, зар нийтэлж буй дэлгүүр эзэмшигч (цаашид “Дэлгүүр”) болон Сэйвтайм Ворлд ХХК (цаашид “Rentu”)-ийн хоорондын эрх, үүргийг тодорхойлно. Дэлгүүр нээх хүсэлт илгээснээр Та энэхүү гэрээ болон Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Rentu-ийн үүрэг, Дэлгүүрийн статус

Rentu нь зуучлагч платформ бөгөөд Дэлгүүр болон Түрээслэгчийн хооронд байгуулагдах түрээсийн гэрээний тал биш болно. Дэлгүүр нь бие даасан хуулийн этгээд эсвэл хувиараа бизнес эрхлэгчийн хувиар өөрийн нэрийн өмнөөс түрээсийн үйлчилгээ үзүүлнэ.

Дэлгүүр нь хууль тогтоомжийн дагуу бизнес эрхлэх эрхтэй, шаардлагатай бол татвар төлөгчийн бүртгэлтэй байх үүрэгтэй.

Хувь хүн дэлгүүр нээлгүйгээр зар нийтлэхэд системд «хувийн бүртгэл» автоматаар үүснэ (системд дэлгүүрийн бүртгэл хэлбэрээр хадгалагдана). Үүнд нэр, профайл зураг, холбоо барих утас нь зарын хамт харагдана. Харин дэлгүүрүүдийн жагсаалт, хайлтад харагдахгүй, Founding Partner эрх авахгүй. Хувийн бүртгэл нь энэхүү гэрээний бүх үүрэгт адил хамаарах бөгөөд дэлгүүр болгох үед нэр, лого, тайлбараа бөглөнө.

2. Бүртгэл ба баталгаажуулалт (KYC)

Дэлгүүр нь бизнесийн болон хувийн бичиг баримтаа үнэн зөв илгээж, Rentu-ийн админаар баталгаажуулна. Баталгаажсан дэлгүүр платформ дээр харгалзах тэмдэгтэй харагдана.

Хуурамч, хугацаа дууссан эсвэл бусдын бичиг баримт ашигласан нь тогтоогдсон тохиолдолд Rentu баталгаажуулалтыг цуцалж, дэлгүүрийг түр хаах, бүртгэлийг хязгаарлах, учирсан хохирлыг гаргуулах эрхтэй.

Контакт, банкны данс, хаягийн мэдээллээ өөрчлөгдсөн даруйд шинэчилнэ.

Дэлгүүр үүсгэх 4 дэх алхам нь KYC бөгөөд дараа нь хийж болно. KYC баталгаажсан үед мэдэгдэл ирж, «Баталгаажсан» тэмдэг дэлгүүрийн хуудсанд харагдана.

3. Зарын агуулга

Зар бүр дээрх нэр, тайлбар, зураг, үнэ, барьцаа, хүргэлт, даатгал үнэн бодит, түрээслэгчийг төөрөгдүүлэхгүй байх ёстой. Хуулиар хориглосон, хууль бус, хуурамч, бусдын оюуны өмч зөрчсөн, аюултай зүйл түрээслэхийг хориглоно. Өөрийн эзэмшлийн бус эсвэл түрээслүүлэх эрхгүй зүйлийг бусдад түрээслэхийг хориглоно.

Rentu нь дүрэм зөрчсөн, гомдол олонтой зарыг мэдэгдэлтэйгээр эсвэл мэдэгдэлгүйгээр нуух, устгах эрхтэй.

Устгасан зарыг 30 хоногийн хугацаанд хадгалж, дараа нь бүрмөсөн цэвэрлэнэ.

4. Захиалга хүлээн авах, гүйцэтгэх

Дэлгүүр нь баталгаажсан захиалгыг үндэслэлгүйгээр цуцлахгүй. Захиалгыг тохирсон цагт, зар дээр заасан байдлаар (ажиллагаатай, цэвэр, аюулгүй, дагалдах хэрэгсэлтэй) Түрээслэгчид хүлээлгэн өгнө.

Хүргэлтийг дэлгүүр өөрөө гүйцэтгэх бөгөөд хүргэлтийн цаг, чанарыг хариуцна. Хүлээлгэн өгөх үед эд зүйлсийн байдлыг зураг, бичлэгээр баримтжуулахыг зөвлөнө — гэмтлийн нэхэмжлэл гаргахад нотолгоо болно.

Түрээслэгчийг платформоос гадуур төлбөр төлөх, тохиролцоо хийхэд уриалахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд дэлгүүрийг хязгаарлана.

Зар дээр барааны тоо ширхэгийг (нөөц) үнэн зөв оруулна. Түрээслэгч нь барааг захиалсны дараа захиалга дуусах, цуцлагдах үед үлдэгдэл барааны тоо хэмжээ автоматаар сэргэнэ.

Захиалгыг дуусгахдаа түрээслэгчийн «дуусгах код»-ыг шаардаж, оруулсны дараа захиалга «Дууссан» болж орлого хэтэвчинд бүртгэгдэнэ. Код түрээслэгчийн хуудсанд харагддаг тул түрээслэгчээс авна уу.

5. Үнэ тохиролцох горим

“Үнэ тохиролцох” горимыг идэвхжүүлсэн зарын хувьд тохиролцооны хугацаанд түрээслэгчээс үнийн санал авна. Дэлгүүр саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тохирсон үнээр захиалга үүснэ; хүлээн авсан саналаасаа буцахгүй.

Тохиролцооны хугацаа дууссаны дараа зар энгийн зарын горимоор үргэлжилнэ.

Дэлгүүр боломжит хугацаа тогтоосон бол түрээслэгч тэр дотроос хүссэн хугацаагаа сонгож санал өгч болно, эсвэл дэлгүүр огноог түрээслэгчид бүрэн чөлөөтэй үлдээж болно. Нэг санал зөвшөөрөгдсөн ч хугацаа, ширхэг үлдсэн бол зар нээлттэй хэвээр, бусад санал үргэлжилнэ; зөвхөн давхцсан эсвэл нөөц дууссан саналууд автоматаар хаагдана. Зөвшөөрсөн санал төлбөр төлөгдөх хүртэл захиалга болж хугацааг түр эзэлнэ.

6. Rentu-н хураамж ба орлого

Rentu нь түрээсийн үнэ, хүргэлт, мэргэжилтний зардлын нийлбэрээс (даатгалыг оролцуулахгүй) шатлалт хувиар хураамж суутгана: 0–100,000₮ → 8%; 100,000–500,000₮ → 6%; 500,000–2,000,000₮ → 4.5%; 2,000,000₮-с дээш → 3%. Тухайн захиалгын бүхэл дүнгээр хураамжийг тодорхойлно. Хураамж түрээслэгчээс нэмж авагдахгүй.

Үйлчилгээний багц (subscription)-тай дэлгүүрт багцын нөхцөлд заасан хураамжийн хөнгөлөлт үйлчилнэ.

Түрээслэгчийн ашигласан купон, оноогоор үүссэн хямдралыг Rentu өөрөө хариуцдаг тул Дэлгүүрийн орлого багасахгүй.

Дэлгүүрийн цэвэр орлого нь захиалга “Дууссан” болсны дараа хэтэвчинд бүртгэгдэнэ.

Хураамжийн шатлал болон нөхцөлийг Rentu өөрчилж болох бөгөөд өөрчлөлт нийтлэгдсэнээс хойших шинэ захиалгад үйлчилнэ.

7. Хэтэвч ба мөнгө татах

Дэлгүүр нь хэтэвчин дэх үлдэгдлээс өөрийн нэр дээрх банкны данс руу татах хүсэлт гаргана. Хүсэлтийг ПИН кодоор баталгаажуулж, Rentu-ийн админ хянан зөвшөөрсний дараа ажлын 2 өдрийн дотор шилжүүлнэ. Буцаан олголт, нэхэмжлэлээр хэтэвчинд сөрөг үлдэгдэл үүсвэл дараагийн орлогоос суутгана.

ПИН кодоо нууцлах үүрэгтэй; ПИН-ээр хийгдсэн үйлдлийг Дэлгүүрийн үйлдэл гэж үзнэ.

8. Барьцаа

Барьцааг Дэлгүүр түрээслэгчээс хүлээн авах үедээ шууд (бэлнээр эсвэл дансаар) авна. Rentu барьцааг хүлээн авахгүй, хадгалахгүй, хянахгүй, мөн Дэлгүүр болон түрээслэгчийн хоорондох барьцааны буцаалт, суутгалыг хариуцахгүй.

Түрээс дууссаны дараа гэмтэл хохиролгүй бол барьцааг түрээслэгчид бүтнээр нь, хоцроолгүй буцаана. Гэмтэл гарсан бол суутгах дүнг түрээслэгчтэй нотолгоонд (хүлээлгэн өгөх, авах үеийн зураг, бичлэг) тулгуурлан тохирно. Хүлээлгэн өгөхдөө зүйлийн байдлыг зураг, бичлэгээр заавал баримтжуулахыг зөвлөнө.

Үндэслэлгүйгээр барьцаа суутгах, буцаахаас татгалзах, түрээслэгчийг дарамтлахыг хориглоно. Давтан гомдол гарвал Rentu дэлгүүрийг хязгаарлах эрхтэй. Маргаан шийдэгдэхгүй бол Rentu зуучилж болох ч шийдвэр гаргахгүй.

9. Цуцлалт ба буцаан олголт

Дэлгүүр захиалгыг цуцалсан эсвэл татгалзсан бол түрээслэгчид төлсөн дүн бүрэн буцаан олгогдох бөгөөд буцаалтад гарах төлбөрийн шимтгэлийг (төлсөн дүнгийн ойролцоогоор 1%) Дэлгүүрийн хэтэвчээс суутгана. Түрээслэгч захиалгыг цуцалсан бол буцаан олголтыг Буцаалтын бодлогын дагуу хийх бөгөөд цуцлагдсан захиалгын орлого Дэлгүүрийн хэтэвчинд бүртгэгдэхгүй.

Бодитоор төлөгдсөн захиалгыг түрээслэгч цуцалбал Rentu буцаан олголтыг хийнэ.

Дэлгүүрийн буруугаас үүссэн буцаан олголтын хураамж, шимтгэлийг Дэлгүүрээс суутгана.

10. Үйлчилгээний багц ба Онцлох (Boost)

Дэлгүүр сар эсвэл жилийн багц (Rentu Pro, POS гэх мэт) захиалж, зар нийтлэх хязгаар болон нэмэлт боломжид хандаж болно. Багцын төлбөр Bonum-аар тогтмол хугацаанд автоматаар нэхэмжлэгдэнэ. Багц цуцалсан ч төлсөн хугацаа дуустал боломж хэвээр байна.

Багцын төлбөр амжилтгүй болбол багц түр хязгаарлагдана. Багц дуусах эсвэл үнэгүй багц руу шилжих үед идэвхтэй зарын тоо үнэгүй багцын хязгаараас хэтэрсэн бол илүү зарууд идэвхгүй болж (устахгүй), Дэлгүүрт мэдэгдэнэ. Сурталчилж буй зарууд болон хамгийн сүүлд шинэчилсэн зарууд эхэлж хадгалагдана.

Зар онцлох (Boost) үйлчилгээний цуцлалт, буцаан олголтыг Үйлчилгээний нөхцөлийн 16-р бүлгийн дагуу хийнэ. Сурталчилгаа нь байршил болон үзэлтийг баталгаажуулахгүй.

Дэлгүүр нээгдэх үед Founding Partner-ийн байр үлдсэн бол 3 сарын Pro багц үнэгүй автоматаар олгогдож, хугацаа тэр үеэс тоологдоно (Үйлчилгээний нөхцөл 21). Хувийн бүртгэл хамрагдахгүй.

Үнэгүй (Free) багцын идэвхтэй зарын хязгаар нь нэг эзэмшигчийн бүх үнэгүй дэлгүүр, хувийн бүртгэлыг нийлүүлэн тоологдоно — олон дэлгүүр нээх замаар үнэгүй хязгаарыг тойрохыг хориглоно.

11. Хувийн мэдээлэл

Дэлгүүр нь түрээслэгчийн нэр, утас, хүргэлтийн хаяг зэргийг зөвхөн захиалгыг биелүүлэх зорилгоор ашиглана; гуравдагч этгээдэд дамжуулах, маркетингийн зорилгоор ашиглахыг хориглоно. Мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу хамгаална.

Мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй хандсан тохиолдолд Rentu-д нэн даруй мэдэгдэнэ.

12. Татвар ба баримт

Дэлгүүр өөрийн орлогод хамаарах татвар, шимтгэлийг хуулийн дагуу өөрөө тайлагнаж төлнө. Rentu захиалга бүрт е-Баримтыг платформын нэрээр үүсгэж болох бөгөөд Дэлгүүрийн татварын үүргийг орлохгүй.

13. Хариуцлага

Дэлгүүр нь түрээсийн зүйлийн чанар, аюулгүй байдал, хууль ёсны эрх, хүргэлт, зар дээрх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна. Дэлгүүрийн буруугаас Rentu эсвэл гуравдагч этгээдэд хохирол учирвал Дэлгүүр нөхөн төлнө.

Rentu нь платформын тасалдал, гуравдагч талын (Bonum, банк, холбоо) саатлаас үүдсэн шууд бус хохирлыг хариуцахгүй; боломжит хэмжээнд зуучилж туслана.

14. Гэрээ дуусгавар болох

Дэлгүүр хүссэн үедээ дэлгүүрээ хааж болно; хаахаас өмнө хүлээгдэж буй захиалга, барьцаа, нэхэмжлэл, татан авалтыг дуусгасны дараа үлдэгдлийг хэтэвчнээс татаж авна.

Rentu нь гэрээний нөхцөл, хууль зөрчсөн, залилсан тохиолдолд дэлгүүрийг түр хаах, хязгаарлах эсвэл бүрмөсөн цуцлах эрхтэй. Хаагдсан дэлгүүрийн хэтэвчин дэх зохих үлдэгдлийг нээлттэй нэхэмжлэл, маргааныг шийдсэний дараа олгоно.

15. Маргаан, өөрчлөлт

Маргааныг эхлээд эвийн журмаар, support@rentu.mn-ээр дамжуулан шийдвэрлэх бөгөөд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Rentu энэхүү гэрээнд өөрчлөлт оруулж болох бөгөөд шинэчилсэн хувилбар платформд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Өөрчлөлтийн дараа дэлгүүрээ үргэлжлүүлэн ашиглах нь зөвшөөрсөнд тооцогдоно.

Асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: support@rentu.mn
Дэлгүүрийн гэрээ — Rentu